МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАГААР ЗОХИОН БАЙГУУЛСАН “ОЙ 9+” ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ II ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2024.03.10 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАГААР ЗОХИОН БАЙГУУЛСАН “ОЙ 9+” ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ II ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

 

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “ОЙ 9+” Ойн салбарын үндэсний II чуулганаар эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайг 9,0 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэх талаар дараах зөвлөмжийг гаргаж байна.

            Нэг. Хууль эрх зүйн орчин, бүтцийг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах чиглэлээр:

            1.1. Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан агро-ойн аж ахуйнуудыг байгуулж, байгалийн ойн ашиглалтын дарамтыг бууруулах, ойн үр, үржлийн материалыг нэмэгдүүлэх, ойн магадлан итгэмжлэлийн тогтолцоог бүрдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх “Ойн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг эцэслэн боловсруулж, батлах;

1.2. Хот ногоон байгууламжийн тухай хуулийг эцэслэн боловсруулан батлах, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвараас чөлөөлөх, мод үржүүлгийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг усны нөөц ашигласны болон газрын төлбөрөөс чөлөөлөх хууль эрх зүйн орчныг бий болгох ажлыг шуурхай зохион байгуулах;

            1.3. Орон нутагт ойн салбарын хөгжлийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий сум дундын ойн ангийг босоо бүтэцтэй болгох, түүний орон тоо болон цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээр хангах арга хэмжээ авах;

            1.4. Ойн салбарт техник, технологи, инновацын хөгжлийн ололт амжилтыг тууштай нэвтрүүлэх, механикжуулах, технологи дамжуулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны байгууллагын бүтцийг одоогийн хүрээлэнгүүдийн салбар, нэгжүүдийг нэгтгэх замаар шинэчлэн зохион байгуулах;

1.5. Ойжуулалт, ой аж ахуйн арга хэмжээний ажлын норм, үнэлгээг шинэчилж, түүнийг үндэслэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын зардлын нормативыг бодитоор шинэчлэн тогтоож, зардлын нормативыг инфляцын түвшинтэй уялдан өөрчлөгдөж байхаар боловсруулан, батлуулах

 

            Хоёр. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх

2.1. Ойн экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол болон мод тарьж, ургуулахын ач холбогдлыг олон нийтэд, сурталчлах, таниулах, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод жил бүр тарьж ургуулах, услах, арчлах, мөн өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивладаг болох нөхцөлийг бүрдүүлэх,

2.2. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд сайн дураараа идэвх санаачлага гаргаж оролцсон болон хууль бус мод бэлтгэл, түймэр, хөнөөлт шавжийн талаар мэдээлэл өгсөн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгох,

Гурав. Ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийг чадавхжуулах:

3.1. Иргэн, нөхөрлөл, ойн анги, мэргэжлийн байгууллагыг чадавхжуулах сургалтуудыг дэс дараатай зохион байгуулах,

3.2. Ойн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй бакалаврын түвшний хөтөлбөрүүдийг нэгтгэн төвлөрүүлэх замаар сургалтын бодлого, төгсөгчдийн чадавхийг дээшлүүлэх,

3.3. Ахисан түвшний оюутнуудын судалгааны ажлын тэтгэлэг олгох, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх,

3.4. Ойн салбарын тулгамдсан асуудал, шийдлийг эрэлхийлсэн суурь судалгаа, захиалгат судалгааны ажлуудыг нэмэгдүүлэх,

Дөрөв. Ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээ болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх чиглэлээр:

4.1. Ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээ болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн хөшүүргүүдийг бий болгож, тарьсан мод, ойг худалдаж авдаг, урамшуулдаг механизмуудыг бий болгох,

4.2. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хандив, тусламж өгөх, хөрөнгө оруулалт хийх, санхүүжилт олгох хүсэлтэй гадаадын улс орон, байгууллагууд, сангуудын судалгааг гаргаж, тэдгээрт тохирсон төслийн санал бэлтгэж, танилцуулах, хамтран ажиллах,

4.3. Үрийн плантацийг бүсчлэн байгуулах, ойн үрийн түр болон байнгын талбайнуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй байгуулж, арчилгаа хамгаалалтыг тогтмолжуулах, үр хадгалах, нөөцлөх агуулах, зоорийг ойн үрийн мужийг харгалзан бүсчлэн байгуулах,

4.4. Модлог ургамлын тарьц, суулгацыг импортлох, байгалийн ойгоос мод шилжүүлэн суулгах, тарьц, суулгацын гарал үүслийн гэрчилгээ олгох журмуудыг боловсруулах.

4.5. Мод үржүүлгийн газруудад техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, усалгааны асуудлаа шийдэхэд санхүүгийн туслалцаа үзүүлэх, тарьц, суулгацын нөөцийг барьцаалсан, эргэн төлөлтийн уян хатан зохицуулалттай хөнгөлөлттэй зээлийг олгох,

 

Тав. Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажлын чиглэлээр:

5.1. Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааны ажлын арга зүйг шинэчилж, нөхөрлөл, иргэд, ойн ангийн оролцоог нэмэгдүүлэн, ойн хөнөөлт шавжийн голомт бүхий газруудад байнгын хяналт, мониторингийн судалгааны цэгүүд байгуулах, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаанд зайнаас тандан судлах аргыг нэвтрүүлэх,

5.2. Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс сөрөг нөлөөлөл багатай биологийн болон механик аргаар тэмцэх технологийг түлхүү ашиглах, химийн бодисын хэрэглээг хязгаарлах,

Зургаа. Ойн тооллого, ой зохион байгуулалт, ой ашиглалтын чиглэлээр:

6.1. Ой зохион байгуулалт, ойн тооллогын ажлын арга зүйг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулах, олон талын оролцоог эрх тэгш хангасан, ил тод, хүртээмжтэй ойн салбарын нүүрстөрөгчийн хөтөлбөрийг боловсруулж нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдуулан хөгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлээс санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,

6.2. Ойн ашиглалтыг ойн менежментийн төлөвлөгөөний дагуу зохистой, тогтвортой урт хугацаанд ойн нөөцийг ашиглах эрх зүйн орчныг бий болгох,

6.3. Ашиглалтын бүсийн ойн менежментийг шинэ шатанд гаргаж, ашиглалтын ойн нөөц бүхий Хойд бүс, Төвийн бүс болон Зүүн бүсэд Ой модны кластер үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах,

6.4. Ойгоос мод бэлтгэх хэмжээг тогтоох, мод бэлтгэлийн үйл явц, эрхийн бичиг, гаралт үүслийн гэрчилгээний олголт, тээвэрлэлт, боловсруулалтын үйл ажиллагааг цахимжуулан хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох,

Долоо. Ойн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт

7.1. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын томоохон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, гадаадын хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийг татах арга хэмжээ авах,

7.2. Ойн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах;

7.3. Олон нийт, ард иргэдийн ойн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, зөв дадал зуршлыг бий болгох нөлөөллийн ажлыг бүх шатанд зохион байгуулах.