МОНГОЛ УЛС АЗИЙН ХОНИН ТООДОГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХАД ТЭРГҮҮЛЭН АЖИЛЛАА

2024.02.20 МОНГОЛ УЛС АЗИЙН ХОНИН ТООДОГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХАД ТЭРГҮҮЛЭН АЖИЛЛАА

        Узбекистан улсын Самарканд хотод болж буй Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 14-р бага хурал (CMS COP14) амжилттай үргэлжилсээр байна. Хурлын үеэр манай улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны танилцуулсан Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг талууд хэлэлцэн, батлахаар шийдвэрлэж, мөн хэрэгжилтийг дэмжин ажиллахыг хонин тоодог бүхий улс орнуудад уриалав.

ХОНИН ТООДОГ (OTIS TARDA) НЬ ЗЭРЛЭГ АМЬТДЫН НҮҮДЛИЙН ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ КОНВЕНЦЫН I БА II ХАВСРАЛТАД ОРСОН, МОНГОЛ ОРНЫ НЭН ХОВОР ШУВУУД ЮМ

      Хонин тоодог Евро Азийн тал хээрийн унаган зүйл бөгөөд баруун Европоос Зүүнхойд Ази хүртэлх өргөн уудам нутгийн өндөр өвс бүхий тал хээрийн экосистемд тархсан. Түүнийг тал хээрийн экосистемийн үйл ажиллагаа, эрүүл байдлын жинхэнэ индикатор зүйл гэж үздэг.  Хонин тоодгийн хоёр дэд зүйл байдгаас хамгийн ховор, тоо толгой цөөрсөөр байгаа нь Азийн хонин тоодог юм. Одоогоор Азийн хонин тоодгийн үржлийн цөм нутаг нь Монгол орон бөгөөд бүс нутгийн популяцийн 90 гаруй хувь манай улсад өндөглөн зусаж байна. Харамсалтай нь бэлчээрийн хэт талхагдлаас үүдэлтэй амьдрах орчны доройтол, газар тариалангийн хүнд машинуудад дайруулж үүр өндөг нь сүйрэх, хулгайн ан, өндөр хүчдэлийн утас мөргөж үхэх зэрэг аюулаас болоод энэ зүйлийн тоо толгой улам буурсаар байна.

2023 онд IUCN буюу Олон улсын байгаль хамгаалах холбооноос гаргадаг Улаан дансны ангиллаар энэ зүйлийн хамгааллын статус нь Устаж болзошгүй зүйлийн ангилалд ороод байна. Ийм түүхэн чухал үед Азийн хонин тоодог нь хамгааллын төлөвлөгөөтэй болж байгаа нь олон Улсын хүчин чармайлт, нөөц бололцоог зөв амжилттай явуулахад өндөр ач холбогдолтой болохыг оролцогсод онцлон тэмдэглэж байна. Монгол орны хонин тоодгийн судалгааны ажил 2005 оноос хойш эрчимжиж эхэлсэн бөгөөд 2017 оны 5 дугаар сард манай улс Азийн хонин тоодгийн асуудлаар олон улсын хурлыг Улаанбаатар хотод ажилттай зохион байгуулсан. Уг хуралд хонин тоодог бүхий бүх улсуудын судлаачид идэвхтэй оролцож мэдлэг, мэдээллээ солилцож, улмаар Ази дахь тархац нутгийн хэмжээнд уг зүйлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэж чадсанаар уг хамгааллын төлөвлөгөөг боловсруулах боломж бүрдсэн байна. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг Евро Азийн тоодог судлалын холбоо, Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв хамтран боловсруулсан байна. Монгол улс энэ зүйлийн хамгаалалд байнга тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд Эквадор улсад болсон Конвенцын талуудын 11-р бага хурлын үеэр хонин тоодгийг Хавсралт I-д оруулах ажлыг амжилттай хийсэн. Мөн улмаар Конвенцын дэмжлэгээр Азийн улсуудтай хамтран хамгааллын үйл ажиллагааг хийх, уг зүйлийн ховордлын талаарх олон нийтэд сурталчлан таниулах мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг үргэлжлүүлэн хийж иржээ.

Узбекстан Улсад болсон Конвенцын талуудын хурлын үеэр болсон Тоодог хамгааллын талаарх эрдэм шинжилгээний бага хурал дээр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал доктор Б.Нямбаяр Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар болон бүс нутгийн хүрээнд сүүлийн үед хийгдэж буй тоодог судлал ба хамгааллын ажлуудын талаар товч илтгэл тавив. Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө Англи, Монгол, Орос, Хятад хэл дээр хэвлэгдэн гарах бөгөөд одоогоор англи хувь бэлэн болж хэвлэгдээд байна, мөн тун удахгүй Монгол хувилбар бэлэн болно.

 #CMSCOP14

#ConventionOnMigratorySpecies

Англи хувийг татах: http://eurasianbustardalliance.org/wp-content/uploads/2024/02/2024-CMS-COP14-Action-Plan-for-Great-Bustards-in-Asia.pdf

Орос хувийг татах: http://eurasianbustardalliance.org/wp-content/uploads/2024/02/CMS-COP14-%D0%9F%D0%BB%D0%B0%D0%BD-%D0%B4%D0%B5%D0%B9%D1%81%D1%82%D0%B2%D0%B8%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D1%8C%D1%88%D0%BE%D0%B9-%D0%B4%D1%80%D0%BE%D1%84%D1%8B-%D0%B2-%D0%90%D0%B7%D0%B8%D0%B8.pdf

Caption

 

Caption