БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР АЯЛАХАД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ УЛС ОРНУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛСЫГ ОРУУЛЖЭЭ

2023.06.30 БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР АЯЛАХАД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ УЛС ОРНУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛСЫГ ОРУУЛЖЭЭ
 
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр Улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх,бодит дэмжлэг өгөх шийдвэрлэх уулзалтууд хийж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд Сайд Лү Инчуань МУ-ын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч айлчлалын хэлэлцээрт орсон аялал жуулчлалын асуудлын мөрөөр хамтарч ажиллах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жинь Пины санаачилсан торгоны замыг сэргээх “Бүс ба зам” төсөлд хамтран ажиллах, 2023 оны 9 дүгээр сард БНХАУ-ын Ухань хотод болох гурван Улсын Аялал жуулчлалын Сайд нарын уулзалтад Монгол Улс аль хэдийн бэлтгэл ажилдаа орсон ба уг төсөл хэрэгжсэнээр талуудын аялал жуулчлалын салбарт шинэчлэл авчирна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

 БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд Сайд Лү Инчуань Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, анхаарч ажиллаж байгаа нь харагдаж байна. Манай Улсын хувьд ч танай үйл ажиллагааг дэмжиж БНХАУ-ын Засгийн газраас 2023 онд жуулчлахад хамгийн тохиромжтой Улс орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан. Ингэснээр манай Засгийн газар иргэддээ танай Улсын өмнөөс батлан даалт гаргаж, жуулчны урсгалыг нэмэгдүүлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн бид өөрсдийн ашигладаг цахим сүлжээнд танай орны сайн мэдээг түгээж, сурталчлан ажиллахад бэлэн байна. Харин Танаас тусгайчлан хүсэх зүйл гэвэл жуулчдын аюулгүй байдлыг хангаж, тайван аялах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсье.
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалын мөрөөр хоёр Улсын удирдлагуудын уулзалт, хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, МУ-ын БОАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулж, Агаарын тээврийн либералчлал, Хил орчмын аялал жуулчлал, “Бүс ба зам” төслийн хүрээнд хамтарч ажиллахаар болов.