БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ХОЛБОГДОХ ГАЗРЫН ДАРГА НАР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2024.02.21 БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ХОЛБОГДОХ ГАЗРЫН ДАРГА НАР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

           БОАЖЯ-наас сар бүр цаг үеийн асуудлаар олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгдөг ба энэ удаа Өвлийн аялал жуулчлал, хаваржилтийн нөхцөл байдал, газар ашиглах эрх сунгах, дуусгавар болгох, солбилцол өөрчлүүлэх асуудал бүрэн цахимд шилжсэн, ойн салбарын 100 жилийн ойн арга хэмжээ, Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Хэвлэлийн хуралд дараах газрын дарга нар оролцлоо. 

  • Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт
  • Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг
  • Ойн газрын дарга Б.Оюунсанаа
  • Усны газрын дарга З.Батбаяр нар байв. 

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 14 ДҮГЭЭР ХУРАЛД ОРОЛЦОВ.

            Хуурай газрын болон далай тэнгисийн сээр нуруутан амьтад хол зайд шилжин нүүдэллэх нь экологийн үйл явц юм.  Тухайн нүүдэллэдэг зүйлийг үр дүнтэй хамгаалан үлдээхэд зэрлэг амьтад хил дамнан нүүдэллэх боломжийг хангах гэх мэт шинжлэх ухаан, төрийн бодлогын нэгдмэл хандлага зайлшгүй шаардлагатай гэдгийг олон улсын хэмжээнд ухамсарласны үндсэн дээр 1979 онд Зэрлэг амьтдын нүүдлийн нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай олон улсын Конвенцыг баталсан бөгөөд 1983 онд албан ёсоор хүчин төгөлдөр болжээ.  Анх байгуулагдсан газрын нэрээр “Бонны конвенц” гэж нэрлэгдэх болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын хүрээнд нэгдэн орсон талууд өөрийн улсын газар нутагт амьдардаг, мөн дайран өнгөрдөг шувууд, усан орчин, хуурай газрын зүйлүүдийг амьдрах орчных нь хүрээнд хамгаалах үүрэг хүлээдэг бөгөөд одоогоор 133 улс орон нэгдэн орсон байна. Монгол улсын их хурал 1999 оны 6-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа конвенцыг хүлээн зөвшөөрч, манай улс нэгдэн орж, талуудын 6-р хуралдаанд анх оролцож эхэлсэн байна. Уг конвенцын 1 ба 2 дугаар хавсралтад Монгол оронд тархсан хөхтөн амьтдаас Ирвэс, Бөхөн, Хавтгай, тахь, хулан, цагаан зээр, хар сүүлт, аргаль хонь, мазаалай баавгай зэрэг амьтад орсон байдаг ба нүүдлийн шувуудаас 190 гаруй шувуу орсон байдаг. Конвенцод нэгдэн орсноос хойш манай улс маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан ба хил дамнан нүүдэллэдэг зүйлүүдийг конвенцын хавсралтад оруулах, конвенцын хавсралтад оруулах, конвенцын талуудын бага хурлын хуралдаанаас шийдвэр гаргахад шинжлэх ухааны зөвлөлөөр дамжуулан холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, нэгдэн орж гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгүүдийн заалтуудыг хэрэгжүүлэх зэрэгт санаачилгатай оролцож ирсэн. Тухайлбал, Төв азийн хөхтөн амьтдыг хамгаалах санаачилга, Төв Азийн нүүдлийн шувуудын зам санаачилга, Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах хөтөлбөр, Хулан хамгааллын санаачилга, Хонин тоодог хамгааллын төлөвлөгөө зэрэг арга хэмжээний хэрэгжилтэд ихээхэн оролцоотой ажиллаж ирсэн.

         2024 онд 2 жил тутамд гаргадаг конвенцын үндэсний тайланг гаргаж хүргүүлсэн. 2 сарын 9-17-ны хооронд Узбекистан улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр хуралд оролцлоо. Хуралд Монгол улсаас конвенцод бүртгүүлсэн амьтдын хамгааллын чиглэлээрх хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, 2 улс болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөн зохион байгуулж буй арга хэмжээг тус тус олон улсад танилцуулах, талуудын бага хурлаар шийдвэрлэх асуудалд Засгийн газрын байр суурийг илэрхийлэх, оролцогч талуудтай зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлтэй ажиллаад ирсэн. Хурлын үндсэн үйл ажиллагаанаас гадна дараах арга хэмжээнүүдэд оролцов. Үүнд: Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөрийн 8 дахь удаагийн хурал, Бөхөн хамгааллын олон улсын хурал, Хулан адуу хамгааллын хуралд оролцож хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажиллав. Нэн ховор амьтан болох Хонин тоодгийн хамгааллын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад тэргүүлэн ажиллалаа.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

 Хөх Сувдмөсний баяр-2024

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд 03 дугаар сарын 02-ноос 03-ны өдрүүдэдХөх Сувдмөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдах гэж байна.Энэ жил Монгол Улсын Засгийн Газраас Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд GoMongolia – “Өөдөө тэмүүлэх Монгол” үндэсний зорилтод тулгуурлаж “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Хөх Сувдмөсний баяр-2024 арга хэмжээнд урлагийн тоглолтууд, Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл, урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг, олон ястны хоолны үзүүлбэр, Хөх баавгайлазер шоу, дарвуулт завины үзүүлэн, мөсөн сурын харваа, тахтай морьдын уралдаан, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх олон таталтын тэмцээн, мөсөн сурын харваа, бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтсан. 

Бүргэдийн баяр-20

     Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотод зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг Чингисийн хүрээ цогцолборт 2024 оны  03 дугаар сарын 09-нөөс 10-ны өдөр зохион байгуулахаар бэлгэл хангаад байна. Уг арга хэмжээ нь Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.  Бүргэдийн баяр-2024” арга хэмжээнд Казак үндэсний урлагийн тоглолт, бүргэдтэй парад, морьтон баатрын шоу тоглолт, бүргэдээр хиймэл ан бариулах тэмцээн, тайга нохойн үзүүлбэр, шонхор шувууны шоу тоглолт, казак үндэсний тоглоом, казак гэрээр зочлон казак үндэстний ахуй соёлтой танилцах зэрэг олон хөтөлбөр багтжээ. Тус арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Чингис хааны хүрээ цогцолбор, Монголын бүргэдчид холбоо, Баян-Өлгий аймгийн соёлын газар хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж байна.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ, СОЛБИЦОЛ ӨӨРЧЛҮҮЛЭХ, ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЛАА

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр дамжуулан үзүүлж эхэллээ. Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн нийт өргөдөл, албан бичгийн 40 хувь нь зөвхөн газрын эрхийн хугацаа сунгуулах, солбицол өөрчлүүлэх, мөн газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах гээд газартай холбоотой үйлчилгээ авах хүсэлтүүд байдаг. Мөн иргэн, хуулийн этгээд өөрийн хүсэлтээ шийдвэрлүүлэхийн тулд 3-4 удаа хүсэлт гаргаж, 54-90 хоногийн хугацаа зарцуулдаг байсан. Цахимжуулснаар 1 удаа хүсэлт гаргаж, 30-40 хоногийн дотор бүрэн шийдвэрлүүлэх боломжтой болсон.

Цахимжуулснаар дараах үр дүн гарна

-        Төрийн хүнд суртал үгүй болж, авлига хээл хахууль үгүй болох;

-        Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжрах,

-        Баримт бичгийг давхардал арилж, хугацаа хэмнэх;

-        Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс авах шаардлагагүй болох

-        Цаасан архив багасч, цахим архив үүсэх;

-        Төрийн үйлчилгээний шат дамжилга буурч, шийдвэр гаргалтын явц ил тод, нээлттэй болох;

-        Төрийн үйлчилгээний шат дамжлага 2 дахин буурч, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцаа иргэн, хуулийн этгээд хянах боломжтой бол байна.

Цахимаар хүсэлт илгээх зааврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  цахим хуудас (www.met.gov.mn) болон албан ёсны пэйж хуудсаар дамжуулан авах боломжтой.

 

МАЛЧДАД ТУСЛАХ АЯНЫГ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ӨРНҮҮЛЛЭЭ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд НЭГ ӨДРИЙН ЦАЛИН хандивлах, өвс тэжээл, шатахуун гэх мэт шаардлагатай эд хэрэгслийн дэмжлэг үзүүлхийг уриаллаа. Уг уриалгад БОАЖЯ-ны харья 87 газрын 3191 албан хаагч хамрагдах бөгөөд одоогийн байдлаар 50 гаруй сая төгрөг цуглаад байна. Уг хандив Тусгай хамгаалалттай хамгаалалтын 36 захиргаа, 21 сав газрын захиргаадын албан хаагчдын НЭГ ӨДРИЙН цалин юм. БОАЖЯ болон УЦУОШГ-ын тайлан мэдээ хараахан нэгтгэгдээгүй байна.

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР    

Цаг агаарын одоогийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдал Хоёр дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Үүний улмаас 5 аймгийн 22 суманд төмөр буюу шилэн зудын, 18 аймгийн 90 суманд цагаан зудын,  18 аймгийн 84 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.2023-2024 оны хүйтний улирлын хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу ОЖД - аас 1.6 дахин их хур тунадас орсон байна. 2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь ОЖД-аас 1.4 дахин их орсон байсан. Өөрөөр хэлбэл энэ жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү цастай, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цастай өвөл болж байна.Энэ сарын 16-18-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамран цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдсан. Үүний дараа ихэнх нутгаар эрс хүйтэрсэн. Энэ хүйтрэлтийн үеэр  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -42...-47 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -32...-38 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-20 градус, бусад нутгаар -22...-28 градус хүйтэн байв.

2024 оны 02 дугаар сарын 24-нөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.

Гуравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...14°С хүйтэн байдаг байна. 2024 оны 3 дугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-ын дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн,  бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–1 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна. 2024 оны 3 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна

ОЙН ГАЗАР

             Ойн салбарын хувьд олон талын онцлогтой жил тохиож байна. Энэ 2024 онд орчин цагийн ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйн зэрэгцээ БОАЖЯ-наас 2024 оныг “ОЙН ЖИЛ” болгон зарласан. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдах Ойн салбарын II чуулганыг “ОЙ 9+” уриан дор 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдөр зохион байгуулна.  Тэрбум мод Үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 онд 9.0 хувьд хүргэх” зорилтын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Уг зорилтын хүрээнд Ойн салбарын ll дугаар чуулганыг “ОЙ 9+” нэрийн дор зохион байгуулж буй нь ойн сангаа 9 хувьд хүргэх, цаашлаад дахин нэмэгдүүлэх зорилтыг тодотгож өгч буй онцлогтой.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, ЗГХА Ойн газрын хамтран зохион байгуулж буй уг чуулган Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах бөгөөд нийслэл, 21 аймгийн тамгын газар, ойн ангиуд, мэргэжлийн байгууллагууд, ойн салбарын төрийн бус байгууллагууд, элчин сайдын яамд, олон улсын хамтрагч байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагууд, төсөл хөтөлбөр, үе үеийн ойчидын төлөөллөөс бүрдсэн олон талын оролцоог хангасан байдлаар зохион байгуулагдана. Чуулганаар Монгол орны ойн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдэл, өөрчлөлт шинэчлэлт, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийн хэрэгжилт, хүрсэн үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг олон чиглэлийн асуудлыг зохион байгуулагч талууд, оролцогчид хамтдаа нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

        Дашрамд дурдахад, 1924 оны 9 дүгээр сард хуралдсан Ардын засгийн газрын 39 дүгээр хурлаар Аж ахуйн явдлын яамыг 6 хэлтэстэйгээр байгуулан “Ой, модны хэлтэс”-т ой, мод, ан, амьтныг хамгаалах, зохистой ашиглах асуудлыг хариуцуулж, улмаар Аж ахуйн явдлын яамны сайдын 1924 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 05 тоот тушаалаар уг хэлтсийн харьяанд Улаанбаатар хот болон Ерөөгийн эх Ходоод, Дорнодын Онон харуул, Хөвсгөл аймгийн Хатгалд анхны дөрвөн ойн анги байгуулах шийдвэр гаргаснаар Монгол Улсад орчин цагийн ой, модны салбар үүсэн байгуулагдах үндэс суурийг тавьсан бөгөөд эдүгээ энэ салбар хөгжил дэвшлийнхээ 100 жилийн ойгоо угтаж байна.

УСНЫ ГАЗАР

Усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах ажлын хүрээнд:

      Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаад хамтран 2 дугаар сард Улаанбаатар хотод ажиллаж байгаа машин угаалгын газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотод 200 орчим авто машин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 65 орчим хувь нь төвлөрсөн шугамаас, 25 хувь нь гүний худгаас, 10 орчим хувь нь зөөврөөр усаа авч ашиглаж байна. Нийт угаалгын газрын 30 орчим хувь нь саарал усаа эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.Улаанбаатар хотын авто угаалгын газрууд бүгд саарал усаа эргүүлж ашиглах нь зүйтэй талаар мэдээлэлтэй байгаагаас гадна хаягдал усаа эргүүлэн ашиглах арга хэмжээ авч ашиглаж байна. Мөн автомат төхөөрөмж суурилуулах нь машин угаалгах үнэ буурах, усаа хэмнэх, эргүүлэн ашиглах давуу талтай байгаа нь хяналт шалгалтын үр дүнгээр харагдлаа.

ХАЛИА ТОШИН

Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа гүйх байгалийн нөхцөл бүрдсэн мэт боловч нөгөө талдаа голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой.                                                                                                                                                                                                                          Мөн Ногоон нуурыг хатааж, борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэн барилгын компаниуд хөрсний усыг асар ихээр зайлуулж, хөрсний усны түвшинг бууруулах гэснээс хөрсний ус саатан Сэлбэ гол дээр халиа тошин зохиомлоор үүссэн байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Усны газраас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийг хэлэлцэх техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулж Нидерландын Вант Улсын Эдийн засаг, уур амьсгалын бодлогын яамны харьяа Аж ахуйн нэгжийн агентлагийн үерийн менежмент хариуцсан мэргэжилтэн Айссэ Вижма, ГУББГ-ын Захиргааны хэлтсийн дарга З.Бямбажав, ерөнхий инженер С.Батсайхан, “Престиж инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг, “Сэлбэ сэргэлт” төслийн нэгжийн дарга Б.Ганболд, Хот байгуулалт, Хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Нийслэлийн Замын хөгжлийн газрын арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, Усны газар, Туул голын сав газрын захиргаа албан хаагчид оролцлоо.