Б.Чойжилсүрэн: “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг баяжуулж, хэрэглээнд туршина

2023.03.03 Б.Чойжилсүрэн: “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг баяжуулж, хэрэглээнд туршина

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдолтой холбоотой тогтвортой зорилтуудыг хэрэгжүүлэхийг хичээж байна.

 

Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар чуулганаар гишүүн орнууд агаарын бохирдлыг багасгах үйл ажиллагааны хөтөлбөр баталсан. Гишүүн орнууд үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх амлалт авч, үр дүнд хүрэхийн тулд мэдлэг туршлагаа хуваалцах хэрэгтэйг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Дэчин Цэрин НҮБ-ын АНДЭЗНК /UNESCAP/-ын "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт"-ын хүрээнд зохион байгуулсан Сайд нарын түвшний дугуй ширээний уулзалтын модератор хийх үеэрээ онцоллоо.

 

Тэрбээр, Монгол Улс гэхэд уурын зуухнуудыг сайжруулан солиход тодорхой хөрөнгө зарцуулсан. Судалгаанаас харахад, агаар дахь тоос, тоосонцорын бохирдлын 3-ны 2 нь хатуу түлшний хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Үүнийг шийдэхийн тулд бүс нутаг, олон улсын түвшинд хамтын ажиллагааг эхлүүлэх шаардлагатай гэсэн юм. Модератор Дэчин Цэрэн бүс нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар сайд нараас тодрууллаа.

 

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Байгаль орчны сайд Насир Ахамед: Манай улсын агаарын бохирдлын 60 хувийг тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа эзэлдэг. Агаарын бохирдлыг 2050 он гэхэд 70 хувь бууруулж, тоос, тоосонцорын хэмжээг багасгах, стандартыг чангатгах, бохирдол бага тээврийн хэрэгсэл импортлохыг зорьж байна. Шри Ланкад агаарын болхирдол хил дамнан орж ирдэг тул бохирдлын эсрэг бүс нутгийн хэмжээнд асуудлаа шийдэх хэрэгтэй. Манай улс агаарын бохирдлоос үүдсэн хохиролтой холбоотой сан байгуулахыг чухалчилж байгаа.

 

 

Япон Улсын Байгаль орчны дэд сайд Оно Хироши: Япон Улс өнгөрсөн зууны 2 дугаар хагасаас агаарын бохирдлыг анхаарч, тасралтгүй хэмжилт хийн, дүрэм журмаа сайжруулж ирсэн. Бид бүс нутгийн хамтын үйл ажиллагаанд оролцоно. Хамтын ажиллагаа шинжлэх ухаанд суурилсан байх ёстой. Агаарын бохирдолтой холбоотой ойлголтоо нэгтгэж, шийдвэр гаргахад хамтран ажиллахад бэлэн. Манай улс Монгол Улстай мэдээлэл солилцож, сайн туршлага нэвтрүүлэхэд хамтран ажилладаг. Энэ нь бүс нутгийн агаарын болхирдлыг багасгахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

 

БНСУ-ын Байгаль орчны судалгааны Үндэсний хүрээлэнгийн Ерөнхийлөгч бөгөөд Дэд сайд Ким Донгжин: Монгол Улс цэлмэг тэнгэр, шөнийн тэнгэрт түгсэн одод бүхий байршлаараа алдартай. Гэтэл энэ жил Улаанбаатарт ирэхэд тэнгэрийг нь саарал утаа бүрхсэн байсан. БНСУ-д өвлийн улиралд агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон. Иймд дүрэм журмаа чангатган, утасны аппликэйшн, дрон ашиглаж хяналтыг хэрэгжүүлснээр бохирдол багасаж байгаа. Агаарын бохирдолтой холбоотой онц нөхцөл байдал үүсэхэд цаг алдахгүй арга хэмжээ авдаг. Бид энэ туршлага, мэдлэгээ хуваалцахад бэлэн. БНСУ газрын станц, сансрын хиймэл дагуул ашиглан, агаарын чанарыг хянаж, аж үйлдвэрээс гарч буй агаарын бохирдолд илүү анхаардаг. Цаашид нүүрсээр ажилладаг цахилгаан станцын ажиллах цагийг тогтоох, тээврийн хэрэгслээс ялгарах утааг багасгах, хатуу түлш ашигладаг эрчим хүчний үйлдвэрлэлээс татгалзана. КОIСА байгууллагатай хамтраад Цэвэр Ази хөтөлбөр санаачлан орон нутгийн байгууллага, Азийн 13 улсад сансрын мэдээллийн өгөгдлүүдийг ашигладаг. Азийн улс орны экспертүүдэд зориулсан чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Агаарын бохирдлыг хэмжих, хянах мэдээлэл солилцож, хамтран ажиллахад бэлэн.

 

 

Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Монгол Улс олон талт хамтын ажиллагаг бэхжүүлэхэд бүх талаар дэмжин, судалгаа шинжилгээний үр дүнгээр мэдээлэл солилцоход нэгдэж ажиллана. Хот суурин, төв газрын мэдээлэл дата солилцоход бэлэн ч агаарын чанарын нэгдсэн сүлжээ байдаггүй учир 21 аймгийн нэгдсэн сүлжээг бий болгох шаардлага бий. Агаарын чанарын нэгдсэн мэдээлэл солилцох, тоос, тоосонцрыг хянах, хиймэл дагуулын мэдээлэлд Монгол Улсыг бүрэн оруулах хэрэгтэй байна. Мөн БНХАУ, БНСУ, Япон улстай хамтарсан мэдээллийн сүлжээнд нэгдэж орох саналтай байна. Бид 2019 оноос хэрэглэж эхэлсэн сайжруулсан шахмал түлшээ илүү чанаржуулна. Хатуу түлшний талаар 2 судалгаа хийж байгаа. Шахмал түлшинд хэрэглэдэг мидлиний оронд Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг баяжуулан, энэ оны 11 дүгээр сард хэрэглээнд туршина. Ирэх өвөл хагас коксжих бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байна. Туршилт амжилттай болбол түлшээ бүрэн солино. Ингэснээр Улаанбаатарын агаарын чанарын үнэлгээ 40 хувь багасах боломжтой судалгаа бий.

 

 

Бүгд найрамдах Казахстан Улсын Экологи, геологи, байгалийн нөөцийн дэд сайд Нуркен Шарбиев: Дулааны станцыг нүүрсээс гаазан хэлбэрт шилжүүлэх тухай ярьж байгаа. Ойрын 10 жилд тээврийн хэрэгслийг бүрэн электрон хэрэгсэлд шилжүүлэх зорилт тавьж байна. Гэр хорооллын 50 хувийг гаазан хэрэглээтэй болгосон, энэ ажлаа үргэлжлүүлнэ гэсэн юм. 

Мэдээллийн эхсурвалж: https://montsame.mn/mn/read/313911