Шагдарын САНЖПЭРЛЭЭ Шагдарын САНЖПЭРЛЭЭ

Шагдар овогтой Санжпэрлээ нь 1946 онд Төв аймгийн Угтаал цайдам сумын Их дөхөм хэмээх газарт малчин ард Шагдарын 2-р хүү болон мэндэлжээ. Тэрээр 1956 – 1962 онд Нийслэлийн 11-р дунд сургууль, 1962 – 1966 онд Тлейханы нэрэмжит Барилгын техникум, 1972 – 1977 онд МУИС-ийг Барилгын инженер мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 1974 оноос Ус Цаг Уурын Албыг Удирдах Ерөнхий Газарт инженер, тасгийн эрхлэгчээр ажиллаж, 1988 онд Байгаль Орчны Яам байгуулагдсанаар Хөрөнгө Оруулалт, Хангамжийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байв. Мөн тус яамны томилолтоор Барилга засвар, тоног төхөөрөмжийн контор, “Нүхт” ХХК, Ойн ан нэгтгэл зэрэг газарт ерөнхий инженер, Монгол, Нидерланд улсын хамтарсан Хустайн тахь нутагшуулах төслийн менежер, Байгал Орчны Хяналтын Улсын Хороонд зөвлөх инженер зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байгаад 2006 онд тэтгэвэрт гарсан. Түүний ажил хөдөлмөрийг улсаас өндрөөр үнэлэж Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ.