Official Poster

ABOUT | AGENDA | RESOURCES | CONTACT | LIVE STREAM


Download Poster File


 


ЦЭВЭР АГААР – ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ /Хэвлэлийн мэдээ/

Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл (NEACAP) болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET)  ажиллаж Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. 

2021 онд ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт гадна болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой нас баралт 7 саяд хүрч,  жил бүр нэмэгдэж байгаа тухай дурдсан байдаг. Эдгээр нас баралтын дийлэнх хувь нь эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөж буй бүс нутагт үүсэж байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ. 

Иймд агаарын бохирдол эрс нэмэгдэж байгаа дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд 2022 онд Байгаль орчин, хөгжлийн хорооны VII чуулганыг зохион байгуулж, агаарын чанарын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтыг хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл болон сайн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд  Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан юм. 

Энэ удаагийн Монгол Улсад болж буй Цэвэр агаар – дээд түвшний чуулга уулзалтаар дээрх хөтөлбөрийн зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа ба агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд  53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцлоо. 

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлсэн юм. 

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах, автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад Евро-5 ангиллын бензин, дизель түлшний импортын эзлэх хувь хэмжээ болон эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан тэжээлт автомашины тоог нэмэгдүүлэх, гэр хороололд “Яндангүй бүс” тогтоож, нийт эх үүсвэрийн 25-аас доошгүй хувийг ойрын хугацаанд хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх зэрэг үе шаттай арга хэмжээ авч байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, нийгмийн бүх давхаргын дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 32 сая мод шинээр тарьжээ. 

Цэвэр агаар – Дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулав. 

“Ногоон үе – Green generation” Хүүхдийн чуулга уулзалтыг 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж хот хөдөөгийн 8000 гаруй хүүхдүүд агаарын бохирдлын асуудлаар дуу хоолойгоо нэгтгэж, 500 гаруй хүүхдүүд өөрсдийн амьдарч буй газарт агаарын чанарын судалгаа гаргаж, асуудал дэвшүүлсэн юм. Уг судалгаанд үндэслэж агаарын бохирдлын эсрэг оруулах өөрсдийн хувь нэмэр, тэдгээрт шаардлагатай дэмжлэгийн талаар шийдвэр гаргагчидтай зөвлөлдөж агаар орчны бохирдлоос хамтдаа сэргийлэх УРИАЛГА гаргав.

“Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх - Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг 2 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар агаарын бохирдлын чиглэлээр сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, баримт, нотолгоо, Монгол Улсад нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа технологийн шийдлийг танилцуулж, агаарын бохирдлыг бууруулах бодлого, арга хэмжээний үр дүн, үр нөлөөг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрхийг хамгаалах асуудалтай уялдуулан дүгнэлт гаргалаа. 

Агаарын бохирдлыг бууруулах шилдэг технологи, шийдэл олох “Агаар нэг - Хакатон – 2023” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулж Хэмнэлттэй орон сууц төсөл, Нарны эрчим хүчний систем ашиглан агаарын бохирдлыг бууруулах төсөл, “Пассив хаус” төслүүд шилдгээр шалгарч хөрөнгө оруулалтын дэмжлэг авч үйл ажиллагааны дараагийн шат руу орлоо. 

Өнөөдрийн арга хэмжээ Сайд нарын түвшний дугуй ширээний уулзалтаар эхлэх ба Монгол Улсын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Бүгд найрамдах Казакстан Улсын Экологи, геологи, байгалийн нөөцийн дэд сайд Нуркен Шарбиев , Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Байгаль орчны сайд Насир Ахамед, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Оно Хироши , БНСУ-ын Байгаль орчны судалгааны Үндэсний хүрээлэнгийн Ерөнхийлөгч бөгөөд Дэд сайд Ким Донгжин хүрээнд болох юм. 

Цэвэр агаар – Дээд түвшний уулзалт үндсэн 5 хэлэлцүүлгээс бүрдэх ба Олон улсын 12 байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллийн аж, ахуй нэгжүүд сэргээгдэх эрчим хүч ашигласан, байгальд ээлтэй шилдэг технологи, шийдлийг танилцуулах үзэсгэлэн, үйл ажиллагааны танилцуулах арга хэмжээ /Side event/ зохион байгуулна. 

Хэлэлцүүлэг: 

  • Агаарын чанарын менежментийг сайжруулах нь, 
  • Агаарын чанарын мониторинг, 
  • Сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, 
  • Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа, 
  • Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл сэдвийн хүрээнд болох юм.

Цэвэр агаар – Дээд түвшний чуулга уулзалтын үр дүнд агаарын бохирдлын асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар олон талт хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлж, бүс нутгийн хэмжээнд мэдээлэл цуглуулах, шилдэг туршлага солилцох боломж нөхцөл бүрдэхийн зэрэгцээ агаарын чанарын менежментийг сайжруулах, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох, нээлттэй бүс нутгийн платформыг бүс нутгийн гишүүн орнуудын дунд бий болгох, хил дамнасан агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн техникийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон зэрэг агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бололцоог нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн бүс нутгийн агаарын бохирдлын хяналт мониторингын нэгдсэн ситемтэй болох, хариу арга хэмжээний тогтвортой үйл ажиллагааны механизмтай болж буйг тодотгох хэрэгтэй.  

Мөн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын болон мэдээлэл технологийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зэрэг агаарын бохирдлын эсрэг шинэлэг шийдэл, шилдэг туршлагыг өргөн хүрээнд харилцан солилцох, олон нийтэд бодит мэдээлэл хүргэх зорилтоо биелүүлсэн гэдэгт итгэлтэй байна. 

Цэвэр агаар – Дээд түвшний чуулга уулзалт нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулах “COP 17” буюу  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтан хийж байгаагаараа онцлог боллоо. 

Мөн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Олон Улсын байгууллагууд, төсөл, хөтөлбөрүүд, сайн дурын хүүхдүүд нийлсэн 80 гаруй хүний дэмжлэг, хамтын ажиллагааны дүнд  амжилттай болж өндөрлөлөө.